“9 сарын 1-нд цахимаар нээлт хийж, нэг ангид 25 сурагч хичээллэнэ”

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өмнө нь ярилцлагадаа Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэлж байсан. Уг ажлын хэсгээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой дүрэм, журам, зааврыг боловсруулсан. Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комисст хандсан албан даалгаврыг гаргаж, сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, зөөврийн ус, ил задгай бие засах газраа ариутгах, онцгой нөхцөлд хичээллэх дадлага сургуулилтыг хийх талаар тусгаж өгсөн.

Мөн Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаал батлагдсан. Энэ тушаалд эцэг, эхчүүд хүүхдэд зориулсан нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн ажлыг гэр бүлд түшиглэн зохион байгуулах, сургалтын төлбөр дээр уян хатан зохицуулалт хийх, шаардлагатай үед төсөв санхүү бүрдүүлж, багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг нарийвчилсан зүйл заалтууд орсон. Дээрээс нь яг хичээл сургалтын үеийн зохион байгуулалтын түр журмыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталлаа.

Үүнд, сум, баг, тосгоны ерөнхий боловсролын сургуулиуд хэрхэн хичээллэх вэ, аймаг, нийслэлийн  сургуулиуд хэрхэн хичээллэж, хичээлийн хуваариа яаж боловсруулах талаар тусгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн газар, хэлтсийн дарга нар хоёр өдрийн сургалтад хамрагдсан. Ямар ч байсан одоогийн байдлаар холбогдох дүрэм, журмууд батлагдаж, шаардлагатай сургалтаа зохион байгууллаа. Одоо сургуулийн анги танхимын ариутгал халдваргүйтгэл бэлэн байдлыг хангаж ажил эхлээд байна.

-Цар тахалтай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн. Энэ жил хичээлийн шинэ жил хэрхэн эхлэх вэ?

-Есдүгээр сарын 1-нд өглөө 08.00 цагаас хичээл сургалтын үйл ажиллагаа хуваарийнхаа дагуу танхимаар үргэлжилнэ. Магадгүй есдүгээр сарын 1-нд танхимын хуваарь тавигдаагүй бол 2-нд юм уу 3-нд танхимын сургалтаа эхлүүлнэ. Нэг ангийн хуваагдсан дэд бүлэг нь гурав, дөрөв дэх өдөр хичээллэх зохицуулалт байхыг үгүйсгэхгүй.

Ер нь ерөнхий боловсролын сургуулиудад салбар яамнаас уламжлалт аргаар нээлт хийхгүй. Харин урьдчилаад сургуулиуд 20-30 минутын видео бэлтгээд, сургуулийнхаа фэйсбүүк групп, цахим хаягаар мэндчилгээ дэвшүүлж болно.

-Багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэлээ. Хэзээнээс эхлэх юм бэ?

-Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч, багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад эхэлсэн.

-Сурагч хоорондын зайг 1-1.5 метр байна гэсэн. Тэгэхээр нэг ширээнд нэг л сурагч сууна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуулиудад зай барих тэмдэглэгээг хийх үү?

-Ерөнхий боловсролын сургуулиудын нийтийн эзэмшлийн зам талбай, ариун цэврийн өрөө, анги танхимуудад тэмдэг тэмдэглэгээ хийхийг зөвлөж байгаа. Ер нь сурагч хоорондын 1-1.5 метр зайг барихад нэг ангид дээд тал нь 25 хүүхэд оногдох байх гэж тооцсон. Тийм учраас нэг ширээнд нэг л хүүхэд сууна.

-Бага ангийн сурагчдад танхимаар математик, монгол хэлний хичээл л орох юм уу?

-Ер нь бол математик, монгол хэлний хичээлд суурилна. Бусад хичээлийн агуулгыг интеграци хэлбэрээр орно гэсэн үг. Жишээлбэл, математикийн хичээл орох өдөр хүн байгалийн хичээлийн агуулгыг хослуулах боломж байгаа.

Дунд болон ахлах ангийн хувьд математик, монгол хэл, байгалийн ухааны хими, физик, биологи, түүх нийгмийн ухаан, гадаад хэл, эрүүл мэндийн хичээлийг танхимаар судална. Өдөрт 2-3 цаг хичээллэх учраас тухайн сургуулийн удирдлагуудын хувьд менежмент хийх боломжтой.

–Энэ хичээлийн жилд хэрэглэх сурах бичиг хэвлэлтээс бүрэн гарсан уу. Өмнөх жил хоёрдугаар улиралд хэвлэлтээс гарч, сурагчид сурах бичиггүй хичээлээ хийж байсан шүү дээ?

-Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зах зээл дээр худалдаалахгүйгээр номын сангаар дамжуулан олгох зохицуулалтыг хийсэн. Тийм учраас сурах бичиг хэвлэлт, худалдан авах ажиллагаа удааширч, арваннэгдүгээр сард нийлүүлсэн. Энэ жил бүх сурах бичиг хүүхдийн тоогоор номын санд очсон. Жишээлбэл, зургадугаар ангийн 13 сурах бичгийг нэг сурагч 17.300 төгрөгөөр түрээсэлж, хэрэглээд буцааж өгөх юм.

Тэгэхээр аль хэсэг  нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж, аль хэсэг нь төлбөртэй үйлчилгээ авах нь тухайн сургуулийн асуудал. Харин тоогоо зөв бөглөсөн байх ёстой. Илүүдэл сурах бичиг гарч байгаа бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Боловсрол, соёл, урлагийн газраараа дамжуулан зохицуулалт хийх боломжтой.

-Сурагчийн дүрэмт хувцасны үнэд өөрчлөлт орох уу?

-Сурагчийн дүрэмт хувцасны стандартын талаар аймаг, нийслэлийн Боловсролын газрууд руу чиглэл хүргүүлсэн. Аль болохоор нэгдсэн загварын, чанартай, хүүхдийн биед эвтэйхэн дүрэмт хувцсыг өмсөнө. Дээрээс нь өнгөрсөн жилээс дүрэмт хувцасны стандарт батлагдсан учраас хил гаалиар оруулах асуудалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс аль болох нэгдсэн борлуулалтын цэгээс сурагчийн дүрэмт хувцсыг худалдаалахыг зөвлөж байна. Үнийн хувьд өмнөх жилүүдийнхээс нэмэгдэхгүй.

-Өнгөрсөн жил “Очир пресс” компани БНХАУ-д сурах бичиг хэвлэн, хилээр оруулахыг завдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Энэ компанид ямар хариуцлага тооцсон бол?

-“Очир пресс” компанид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас арга  хэмжээ авч, хариуцлага тооцсон. Энэ жил нөхөн хангалтын сурах бичгийн асуудал яригдаж байгаа. Мэдээж “Очир пресс” компани сурах бичгийн тендерт орох эрхгүй.

А.СҮРЭН