БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлээд ЭМЯ-ны өдөр бүрийн ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байхаар болжээ. Өнөөдрийн хуралд БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир оролцож, мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар дүрэм, журам, зааврыг боловсруулж мөрдөх талаар Ажлын хэсгийг БШУ-ны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг саналаа боловсруулаад УОК, Засгийн газарт танилцуулан хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах 32 тоот тушаал гарсан. Ингээд таван сайдын хамтарсан тушаал гараад байна.

ЕБС, цэцэрлэгийн хичээлийг хэрхэн зохион байгуулж эхлүүлэх талаар нарийвилсан түр журмыг гаргасан. Үүнтэй холбогдуулаад наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, сургууль, цэцэрлэг хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт, дадлага ажлыг зохион байгуулаад байна. Өнөөдрөөс орон нутаг дахь сургалтууд эхэлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, хичээл төлөвлөлтийг хийх талаар улсын хэмжээнд нэгдсэн нэг ойлголттойгоор ажиллана.

Мөн багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон багцын үзлэгт хамруулах ажил эхлээд явж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн бөгөөд тун удахгүй багш нарыг 12-15 төрлийн багц үзлэг оношилгоонд хамруулна.

Яг энэ цаг мөчид БШУЯ-нд дээр нийгэм, сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж байна. Хичээл сургууль эхлэхэд гэр бүлийн болон сургалтын орчинд ямар нэгэн айдасгүй, нэгдсэн ойлголттой бие биенээ дэмжин ажиллах бэлтгэлийг хангаж байгаа" хэмээн ярилаа.